🛕 Ганданцээпиллэн Хийд

Өвөрхангай аймаг, Уянга сум

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

"Сайн ноёны хүрээ сан"-гийн 108 суврага бүтээх төсөл

"САЙН НОЁНЫ ХҮРЭЭ САН"-ГИЙН 108 СУВРАГА БҮТЭЭХ ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай аймгийн Уянга сумын Ганданцээпэллин хийдийн ловон лам С.Төгсжаргал, сумын ИТХ-ын дарга асан Л.Даваасүрэн болон сүсэгтэн олны 108 суврага бүтээх санаачлага олон жил яригдсаны эцэст сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар дахь Уянга сумын Нутгийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр XVII жарны гал морин жилийн сар шинийн босгон дээр "Сайн ноёны хүрээ сан" байгуулагдсанаар уг санал санаачлага биелэх эхлэл тавигдсан юм.

Түүхэн өв

Уянга суман дахь Ганданцээпэллин хийд нь Сайн ноёны хошууны төр, шашны төв байсан бөгөөд ид үедээ 2000 гаруй лам хуврагатай 27 дацан хийдтэй буддын шашны их мэргэд чуулсан номын их өргөө байсан нь түүх болон үлджээ. Энэхүү хүрээнд сууж байсан лам нарын 800 гаруй нь хэлмэгдсэн гашуун түүхтэй бөгөөд хошууны зон олонд хэлмэгдлийн хар сүүдэр тусаагүй айл өрх байхгүй билээ.

Иймээс сүсэгтэн олон өвөг дээдэстээ болон өөрсдийн зам мөрийг засах, үр хойчийнхоо буянд зориулан суврага бүтээх санаачлагыг бүрэн дэмжиж суврага бүтээх ажилд идэвхитэй оролцож байна.

Сангийн байгуулалт

"Сайн ноёны хүрээ сан" нь 2026 оны 02 сарын 23-ны өдөр удирдах зөвлөлийн 5, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр байгуулагдан 108 суврага бүтээх саналыг төсөл болгон нутаг хошууны зон олонд танилцуулах ажлыг шуурхай хийж эхэлсэн.

Удирдлагын бүрэлдэхүүн

Тэргүүн

Н.Цогбадрах

МУ-ын Хүний гавъяат эмч, АУ-ны доктор, дэд профессор

Удирдах зөвлөл

Н.Даваадаш

МУСГЗ

Удирдах зөвлөл

Ц.Шийрэвчогдон

МБШИС-ын Шүтээн урлалын сургуулийн урлахуйн тэнхимийн эрхлэгч, бурхан урлаач

Удирдах зөвлөл

Л.Даваасүрэн

Уянга сумын ИТХ-ын дарга асан

Удирдах зөвлөл

Л.Дэмбэрэл

"АУМ" ХХК-ын ерөнхий нягтлан

Хяналтын зөвлөл

М.Бямбадорж

Ганданцээпэллин хийдийн хамба

Хяналтын зөвлөл

С.Төгсжаргал

Ловон лам

Хяналтын зөвлөл

Н.Манал

Чойр дацангийн хамба

Зорилго

"Сайн ноёны хүрээ сан" нь зөвхөн 108 суврагыг ногоон байгууламж, зам талбай, гэрэлтүүлэгтэйгээр иж бүрэн бүтээгээд зогсохгүй Уянга сумын төдийгүй Сайн ноёны хошууны зон олны түүх, соёл, шашин, зан заншил, бахархал, үнэт зүйлийг дээдлэн хүндэлж түгээн дэлгэрүүлэх, өвөг дээдэс, нутаг орноороо бахархах сэтгэлийг хойч үедээ төрүүлэх, түүх соёлын өвийг хамгаалах, сэргээн шинэчлэх, шинээр барих зэрэг нийгмийн сайн сайхны төлөөх бусад үйл ажиллагаа явуулж сум орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна.